/ Мэдээ мэдээлэл / Мэдээ, мэдээлэл / Б.Нямсүрэн: Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар өссөн

Б.Нямсүрэн: Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар өссөн

Цар тахлын үед цахимаар залилан хийх гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх болоод бусад асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэнтэй ярилцлаа.

-Цар тахалтай холбоотой сүүлийн жилүүдэд залилингийн гэмт хэрэг нэмэгдсэн үү?

-2021 оны байдлаар цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 2365 хэрэг буюу 10,3 хувиар буурсан. Харин залилах гэмт хэргийн тухайд 6558 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар өссөн буюу нийт гэмт хэргийн 25,3 хувийг эзэлж байна.

Сүүлийн жилүүдийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээнээс харахад Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг 2016 онд 2165 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан бол 2017 онд 2030, 2018 онд 5372, 2019 онд 4688, 2020 онд 4270, 2021 оны эхний 7 сарын байдлаар 3962 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67,2 тэрбум төгрөгт хүрсэн.

Энэ төрлийн гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

-Залилах гэмт хэрэг ямар хэлбэрээр ихэвчлэн үйлдэгддэг вэ?

-Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг.Тухайлбал, rap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.

Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл, Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах", "түрээслэх, түрээслүүлэх", "арилжих", “барьцаалах" иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө, иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотнын найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироосоор байна.

-Цаг үеийн шинжтэйгээр уг төрлийн гэмт хэрэг ихсэх багасах тохиолдол байдаг уу?

Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн харилцаа хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа хаана идэвхтэй үйл ажиллагаа байна тэр хэсэгт залилагч этгээд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, хүмүүсийн хүсэл хэрэгцээнд тулгуурлаж гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг.

Жишээлбэл, сүүлийн үед манай улсад онлайн худалдаа нэлээд хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор албан ёсны зөвшөөрөлтэй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн байгууллагууд байдаг хэдий ч үүний зэрэгцээгээ хуурамч хаяг нээсэн гэмт этгээдүүд иргэдийг залилан мэхлэх явдал тасрахгүй байна. Тухайлбал иргэд хуурамч, хувийн цахим хаягаас бараа бүтээгдэхүүнийхээ чанар, үзэмжийг үзээгүй, найдвартай эсэхийг магадлан шалгаагүй байж урьдчилгаа төлбөр шилжүүлэн залилуулж хохирох асуудлууд нэлээдгүй бүртгэгдэж байна.Иргэд дансны дугаар, цахим хаяг нь байгаа юм чинь гээд итгэж найддаг. Сүүлд нь дансны дугаар, устсан хуурамч фейсбүүк хаягтай л үлддэг. Дансны дугаар, фейсбүүк хаяг гэдэг чинь баталгаа биш шүү дээ. Гар утас, компьютерийн дэлгэцийн цаана хэн ч байж болно.

Тухайн хаяг үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг мөн эсэх, тухайн хаяг нь хэдий хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсан, тогтвортой ашигласан, идэвхтэй хаяг мөн байна уу? Эсвэл тухайн цаг хугацаанд зөвхөн танд юмуу хэсэг бүлэг хэрэглэгчдэд зориулж үүсгэсэн хаяг байна уу? гэдгийг түүхчилсэн мэдээллээс нь үзэж албан ёсны хаяг, байршил, утасны дугаар зэргээр холбогдож нягталж шалгах хэрэгтэй.

-Залилах гэмт хэрэгт хохирч буй иргэдийг нас, хүйсний хувь ангилж үзвэл?

-Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 268.718 гэмт хэрэгт 268.917 хүн хохирсны 63.4 хувь нь нийслэлд, 36.2 хувь нь орон нутагт байна. Залилах 22.912 гэмт хэрэгт 21357 хохирсны 10455 буюу 49 хувь нь эмэгтэй хүн хохирчээ.

Хохирсон иргэдийн 27.1 хувь нь 18-29 насны, 32.1 хувь нь 30-39 насны, 23 хувь нь 40-49 насны, 11 хувь нь 50-59 насны, 4.5 хувь нь 60 аас дээш насныхан өртдөг гэсэн судалгаа байдаг.

-Цахим залилангийн гэмт хэрэг ямар ял шийтгэлтэй байдаг вэ?

-Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр, Азидаа нэгт ордог. Улс орнуудад цахим хуудас, интернэт худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ. электрон шуудангийн үйлчилгээг ашиглан амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж залилангийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Маск их хэмжээгээр нийлүүлнэ" гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөн “Онлайн шоп"-оор амны хаалт худалдана гэсэн зарын дагуу иргэн Г.М нар нь Герман улсын “Estapar- masitcalius" компани руу энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа хэмээн шилжүүлэн залилуулсан тохиолдлууд бүртгэгдэн шалгагдаж байна.

Зарим гэмт хэрэг хохирлын хэмжээ шаардаж Эрүүгийн хэрэг үүсгэдэг бол Залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй бусдыг өмчлөлд байгаа зүйлийг л ямар нэгэн хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгдэж байдаг.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд Хуурч, эсхүл баримт бичиг. эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан.

Дээрээс нь тухайн гэмт хэргийг хүндрүүлэх зүйл заалт гэж бий. Албан тушаалын байдлаа ашигласан, бусдад их хэмжээний хохирол учруулсан бол найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ. Мөн дээр дурдсан олон шатлалт пирамид луйврын арга ашигласан, энэ үйлдлээ байнгын орлогын эх үүсвэр болгосон бол 12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг хуулийн зүйл заалттай байдаг.

Иргэний фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч бусдыг залилсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаар "Залилах гэмт хэрэг" гэж үзэхээс гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1-т заасанчлан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцогдож, давхар зүйлчлэн шалгадаг. Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол 2,700 нэгжээс 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан.

-Цахим залилангийн хохирлыг барагдуулах боломж хэр вэ?

-Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байна. Хилийн гаднаас үйлдэгдсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах боломж хязгаарлагдмал, бараг боломжгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас олон аж ахуйн нэгж, иргэд дэглэм сахиж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өслөө. Мөн мөнгөний урсгал гадаад улс руу чиглээд байна. Тэгэхээр иргэд төдийгүй Монгол Улсын эдийн засаг ч хор, хохирол үүсдэг. 2017-2021 оны байдлаар олон шатлалт пирамид тогтолцооны аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг бид гадагш шилжүүлээд алджээ. Нэгэнт та гадагшаа мөнгөө алдсан тохиолдолд энэ мөнгийг буцаан олох боломжгүй.

-Цахим залилан нэмэгдэх хандлагатай байх шиг анзаарагдсан. Танай байгууллагаас ч мөн энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл их гаргадаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Үүний нэг бол Ятгах тусам нягтал, Нягтлах тусам аюулгүй гэсэн тодорхой төрлийн гэмт хэрэгт чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан аян арга хэмжээ юм. Тухайлбал: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусах нягтал-2” аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор 2021 онд амжилттай зохион байгуулсан.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед иргэд фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг алдах тохиолдол гарах болсон. Ингэж нэвтэрсэн ихэнх тохиолдолд таах оролдлогоор халдсан байна. Үүнийг иргэд өөрийн фэйсбүүк, твиттер гэх мэт цахим хэрэгслийнхээ нууц үгийг өөрийн төрсөн өдөр, утасны дугаар гэх мэтээр амархан олж тогтоох боломжтой байдлаар хийж байгаатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс иргэд энэ төрлийн халдлага, залилангаас сэргийлэхийн тулд аль болох тоо, үсэг, тэмдэгт холилдсон байдлаар цахим хэрэглээний хэрэгслийнхээ нууц үгээ хийх хэрэгтэй.

-Хуурамч цахим хаягаар хүмүүсийг залилж, мөнгийг нь авдаг хүн элбэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид цагдаагийн байгууллагад ханддаг ч асуудлаа богино хугацаанд шийдвэрлүүлж чадахгүй байна гэх мэдээлэл бий. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр цагдаагийн байгууллага хэрхэн ажилладаг вэ?

-Азтан тодруулах, онлайн худалдаа нэрийдлээр иргэдийг нилээд залилаж байна ер нь нийгэм, эдийн засгийн хөгжлөө дагаад иргэд бараа бүтээгдэхүүнийг лангуугаар үйлчлүүлж худалдаж авах хандлага буурч шууд бичлэг /LIVE/ хийж, хувцас өмсөж үзүүлээд захиалга авах худалдаа ихэссэн. Үүнтэй холбоотой зүгээр дэлгүүрт хүний барааны хажууд очиж зогсоод өөрийн мэт ярьж сурталчилж захиалга аваад залилан хийдэг хүмүүс ч байна. Тиймээс иргэд ямар ч худалдан авалтад урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх хэрэгтэй. Барааны худалдан авалт хийж байгаа бол нүдээр үзэж, үнэ хөлсөнд тохирсон эсэхийг шалгаад авах зүйтэй гэж зөвлөж байна.

Мөн сүүлийн үед иргэд гэртээ цахим орчинд цагийг их өнгөрүүлэх болсон. Үүнийг дагаад онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт үйлчилгээ эрчээ аваад байна. Тэр дундаа иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямарч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл гэдгийг энд анхааруулъя.

Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой. Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй. Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм.

Эхлээд багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ байр, машин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явагддаг болжээ. Манай иргэд ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөж хохирох эрсдэл гарч байна. Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг нь та хянах боломжгүй байдаг.

-Тэгвэл сугалааны төрлийн үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд хэн явуулах эрхтэй вэ?

-Монгол Улсын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж бий энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг, мөн зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой байдаг. Тэгвэл энэ хуулийн 15.4.4 хэсэгт "Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах" хэмээн тодорхой заасан байгаа. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл дээрх иргэд хууль зөрчиж байна гэсэн үг юм. Үүнээс гадна хонжворт сугалаа гэдэг нь тодорхой нарийн шалгууртай. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Харин тус яамнаас зөвшөөрөл авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг.

-Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүмүүс хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?

-Залилан мэхлэх гэмт хэргийн онцлог нь гэмт этгээд нь үргэлж тухайн цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэлтэй уялдуулан хохирогчдын амар хялбар аргаар ашиг олох гэсэн сэдлийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг.

Гэмт хэргийн хохирогчид өөрийгөө залилуулж байгаа мэдэлгүй 2-3 жил ч болчихсон тохиолдол байдаг. Учир нь тухайн хүний итгэлийг олж аваад урвуулан ашиглах замаар "Одоо ганцхан бичиг баримт бүтчихвэл наад ажил чинь бүтчихнэ, дахиад хэдэн төгрөг нэмээд өгчихвөл яг болох гээд байна"’ гэх мэтээр даамжруулаад яваад байдаг. Ингэснээр өмнөх үйлдлүүдийнх нь түүх, нотлох баримтууд бага багаар устаж байдаг. Тиймээс иргэд хэн нэгэнтэй эрх зүйн, эдийн засгийн харилцаанд орж байгаа тохиолдолд маш хянуур хандах ёстой.

Ялангуяа тухайн байгууллага нь хууль ёсных мөн үү, энэ чиглэлийн үйл ажиллагааг хэдэн жил эрхэлсэн байна, тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж байна уу, өөрт чинь амлаж байгаа амлалтууд биелэх боломжтой юу гэдгийг нягталж үзэх хэрэгтэй. Сүүлийн үед иргэн аж ахуйн нэгжийн талаарх үнэн бодит лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжтой болчихсон.

Тиймээс иргэд эдгээр боломжийг ашиглаад өөрөө энэ төрлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Зарим иргэн фэйсбүүкийн нууц үгээ хэт амархнаар бүтээдгээс болж цахим залилангийн хохирогч болдог. Өөрийнхөө төрсөн он сарыг, эсвэл гар утасны дугаараа сануулна. Ингээд залилагч этгээд фэйсбүүк рүү тань ороод үзэхэд л төрсөн он сар, гар утасны дугаар гээд бүх мэдээлэл нээлттэй байдаг. Эдгээр тоог цуглуулаад хийхэд л нэвтрэх боломжтой. Тэгэхээр маш олон үсэг, тэмдэг, тоо хольж цахим хаягийнхаа нууц үгийг тохируулж аюулгүй байдлаа хангах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://ubn.mn/p/23540?fbclid=IwAR0Y6jbiRNbl470nbS4uHy61ZwapiIlCFUqwvua8Syov9p6X86JuBstpfxc

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна