/ Ил тод байдал / Үйл ажиллагааны тайлан / Мөрдөн байцаах албаны 2020 оны үйл ажиллагааны тайлан

Мөрдөн байцаах албаны 2020 оны үйл ажиллагааны тайлан

 

2020 оны 12 дугаар сарын 25                                                                                           Улаанбаатар хот

                                                                                                  

 Удирдлага, зохион байгуулалтын талаар

Мөрдөн байцаах алба нь 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, Цагдаагийн ерөнхий газрын 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, Мөрдөн байцаах албаны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/626 дугаартай тушаалаар тус албаны даргаар цагдаагийн хурандаа Б.Батсуурь томилогдож Захиргаа, хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийг Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын, Захиргааны удирдлагын хэлтэс болгон өөрчилж, Дэд, Дүн шинжилгээ үнэлгээ,хяналт шалгалтын хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Б.Даваажав, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Б.Даваадорж нар томилогдсон.

Бүтэц орон тооноос Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн /14 орон тоог/ Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/173 дугаартай тушаалаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлэн, мөн даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар Тусгай субъектийн үйлдсэн хэрэг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасгийг 5 орон тоотойгоор, шинээр Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг байгуулж Хэрэг бүртгэх албанаас 8 алба хаагч, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах нэгжүүдэд 116 орон тоог нэмж батлан чиг үүргийг тус албанд хариуцуулсан.

Мөрдөн байцаах албаны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулж, тус албаны “Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”, “Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсэг”, “Байгууллагын биеийн тамир, спортын хамтлаг”, “Мөрдөн байцаах албаны мэргэжлийн зөвлөл”, “Өмч хамгаалах байнгын зөвлөл”, “Эрсдэлийн удирдлагын хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөл”, “Сахилга ёс зүйн орон тооны бус зөвлөл”, “Албаны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, дүгнэлт гаргуулах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг тус тус шинэчлэн байгуулж, зөвлөл, хамтлаг, орон тооны бус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хуралдуулах, сонсгол, мэдээлэл хийх хугацааг албаны календарьчилсан төлөвлөгөөнд оруулан, хэрэгжилтийг хангуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтыг хүлээн авч, албанд хамааралтай ажил, арга хэмжээг нэгтгэн хариуцах хэлтэс, алба хаагчдын хуваарийг албаны даргаар батлуулан, албаны календарь төлөвлөгөөнд тусгаж, жилийн эцсийн байдлаар биелэлт үр дүн тооцох бичиг баримтын жагсаалтад заагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг ханган, үр дүнг тооцон холбогдох байгууллагуудад хугацаанд нь хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар батлуулсан удирдамжийн дагуу Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус мөнгөний эргэлтийг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга хэмжээг шинэлэг олон талт аргаар зохион байгуулснаар энэ оны 01 дүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар буюу 98 хэргээр  буурсан байна.

Аяны 2 дугаар шатыг “Нягтлах тусам аюулгүй” нэрээр өөрчлөн “Хаан банк”-тай хамтран 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2 сарын хугацаатай иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг дүүрэг, орон нутгийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчдын дэмжлэг авч ажилласны дүнд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг 2019 оны мөн үетэй харьцуулахад 107 хэргээр буюу 9,8 хувиар, иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирсан хохирол 2,5 тэрбум төгрөгөөр буюу 11,3 хувиар, 3 дугаар үе шатыг “Ятгах тусам нягтал-2” нэршилтэйгээр Голомт банк, Монгол банктай хамтран 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд эхлүүлэн хэрэгжүүлж ажилласнаар 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Залилах гэмт хэргийн гаралт  өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар буурсан эерэг үр дүнд хүрээд  байна.

Мөрдөн байцаах албанаас 2020 онд хэрэгжүүлэх хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлт, нэгжийн болон алба хаагчдын ажил дүгнэх шалгуур үзүүлэлт, албаны даргын 01 тоот албан даалгавар зэргийг нэгжүүдэд хүргүүлэх, биелэлт үр дүнг нь тооцох, алба хаагчдад цаг үеийн шинжтэй тайлан мэдээ, албаны шалгалтын дүн, сургалтын талаарх хэрэгцээтэй мэдээллийг хүргүүлэх зорилгоор цахим хурлыг жилийн эцсийн байдлаар нийт 14 удаа зохион байгуулсан. 

Албан даргын “Түр шилжүүлэн ажиллуулах тухай” 11 удаагийн тушаалаар 7 хоногоос 3 сарын хугацаагаар 94 алба хаагчийг нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгуудад томилон ажиллуулснаар мөрдөгчийн ажлын ачаалал тэнцвэржиж, харилцан туршлага судалж, ажилдаа дасан зохицох нөхцөл бүрдсэн байна.

Алба хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, ажлын туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг авах, хамтран ажиллах зорилгоор нийслэл, орон нутгийн Мөрдөн байцаах тасгуудын хуваарийг гарган “Харьяа нэгжүүдийг хамтын харилцаатай ажиллуулах тухай” албаны даргын тушаалаар баталгаажуулан хэрэгжилтэд хяналт тавин ажилласны үр дүнд нийслэл, орон нутгийн мөрдөгч нарын хамтын ажиллагаа сайжирсан.

Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь иргэний биеийн давхцалгүй өгөгдөл болох гарын хурууны хээний мэдээлэлтэй хэргийн газраас олдсон хурууны хээг тулган шалгаж иргэнийг таних, эзэнгүй хэргийг богино хугацаанд илрүүлэх зорилгоор ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн баталсан н-2020/36, 20/66, н-1/2020-01 дугаартай мэдээлэл ашиглах гэрээ байгуулагдаж, уг ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/564 дүгээр тушаалаар тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтний сул орон тоонд гарын хээний сангийн мэргэжилтнийг томилуулж, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллуулж байна.

Улсын хэмжээнд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, олон дүүрэг дамжин гэмт хэрэг үйлддэг “гэрч” гэх статустай иргэдийг нэгтгэн хэргийг шийдвэрлүүлэх, мэдээллийн бааз суурь бий болгох зорилгоор Од программ дахь “Эрүүгийн хэргийн түүвэр болон шалгах төлөвлөгөө”-г боловсронгуй болгох үүднээс “холбогдсон гэрч” цэсэнд баяжуулан хайлт хийх боломжийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албатай хамтран бий болгосныг хэрэгжүүлж байна.

Дотоод хэргийн их сургуультай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрийн төгсөх дамжаа, эчнээ дамжааны суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулж, суралцагчдын тайланг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамгаалуулсан.

Мөн Цагдаагийн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, тус албаны харьяа нэгжүүдэд шинээр томилогдсон 20 алба хаагчид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус албаны хурлын танхимд зохион байгуулж, албаны ахмад ажилтан Д.Чадраа мөрдөн байцаагчийн ажлын онцлог, өөрийн ажлын дадлага туршлагын талаар, албаны чиг үүргийн хэлтсийн дарга нараас хэлтсийнхээ ажлын онцлог болон өөрсдийн сонсогч, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан үеийг шинэ залуу мөрдөгч нарт танилцуулж, мөрдөгч нарт зориулсан гарын авлага, сургалтын видео хичээлийг DVD дээр буулгаж, гарын бэлгийн хамт алба хаагч нарт гардуулсан.

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх, нөлөөлөх, аливаа төрлийн сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулсан “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд бусад албадуудаас зохион байгуулсан “Хувь хүний төлөвшил”, “Хорт зуршил-Эрүүл бие”, “Хуульч ажиллагаа”, “Харилцаа хандлага”, “Хариуцлагатай алба хаагч”, “Үлгэрлэл манлайлал” арга хэмжээний хүрээнд тус албанаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу ажил, арга хэмжээг зохион байгуулан, үр дүнг тооцож, танилцуулгыг холбогдох албадуудад тогтоосон  хугацаанд хүргүүлсэн.

Тус албанаас “Хуульч ажиллагаа” сэдэвт арга хэмжээг энэ оны 5, 6 дугаар саруудад зохион байгуулж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын төрөл, мэргэжил, онцлог, чиг үүргийн дагуу өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг хууль, дүрэм, журмыг багтаан практик хэрэгцээнд тулгуурласан мэдлэг, дадлага олгох онлайн сургалтын материалыг албадуудтай хамтран боловсруулж, чиг үүргийн нэгжүүдэд хүргүүлэн сургалтыг явуулсан.

Албаны харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийн хэлтсүүд нь өөрсдийн шалгаж буй хэргийн онцлогт тохируулсан теле хичээлийг бэлтгэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн testserver.police.gov/moodle/ цахим хаягт байршуулан алба хаагч нарт онлайн сургалтыг явуулж, дээрх сургалттай холбогдуулан алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг шалгах, бататгах зорилгоор цахим тестийн асуултыг боловсруулж, шалгалт авч дүнг тооцсон.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд нь харьяа, аймаг, дүүргийн прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөнийг 42 удаа, дотоодын сургалтыг 89 удаа, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга 18-г хийж, 7 төрлийн 4100 ширхэг гарын авлагыг иргэдэд тарааж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан арга хэмжээ 12-ыг тус тус зохион байгуулсны дүнд Прокурорын шаардлага, арга хэмжээ тооцуулах албан бичгийг өмнөх оны мөн  үетэй харьцуулбал шаардлага 13 нэгжээр буюу 30.9 хувиар, арга хэмжээ тооцуулах албан бичиг 2 нэгжээр буюу 5.5 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна.

Сургалт, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр: Тус алба нь 2020 оны сургалтын төлөвлөгөөний дагуу ажлын байран дахь нийт 69 сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 5455 алба хаагчид хамрагдан лекц болон цахим хэлбэрээр зохион байгуулсан. Үүнээс “Мэдвэл зохих хууль, тогтоомж”-ийн 30 удаагийн сургалтад нийт давхардсан тоогоор 2383, “Алба хаагчийг хөгжүүлэх” 20  төрлийн сургалтад нийт 1567, “Дадлагажуулах” 2 удаагийн сургалтад 136, “Бие бялдрын бэлтгэлжилтийг хангах” 1 сургалтад 76, Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарсан 16 удаагийн сургалтад нийт давхардсан тоогоор 1291 алба хаагч тус тус хамрагдсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын “Өнгө нэмцгээе-2020” аяны хүрээнд алба хаагчдын ажлын ачаалал, эрүүл мэнд, санхүүгийн сахилга батын асуудлаас үүдэлтэй стрессийг бууруулах, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилгоор тус албанаас “Өөрийгөө хөгжүүлж, иргэддээ үлгэрлэе” арга хэмжээг “Солушн менежмент” групп, “Жи мобайл” групп, Олон улсын “Жи Си Ай” төрийн бус байгууллагатай хамтран  2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 долоо хоногийн турш Zoom аппликейшн ашиглан зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд “Удирдлагын манлайлал”, ”Байгууллагын соёл”, “Сэтгэл ханамж”-ийн талаарх 3 төрлийн судалгааг тус албаны нийт мөрдөгчөөс GOOGLE FORM ашиглан авч, дүгнэлтэд үндэслэн ажлын төлөвлөлт, цагийн менежментийг сайжруулах, зөв дадал зуршил, тамхи, согтууруулах ундаанаас татгалзах, мэдлэг чадвараа дээшлүүлэх,  санхүүгийн сахилга баттай болох, ар гэртээ тавих халамжаа ухамсарлан, ажилдаа хандах хандлагад эерэг дадалд хүргэх сургалтуудыг явуулж, “Сэтгэл ханамж”-ийн судалгааг дахин авахад оролцогчдын 92.4 хувь нь цаг үеэ олсон, алба хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөр болсон талаар дүгнэсэн. 

Тээврийн цагдаагийн албанаас “Өнгө нэмцгээе 2020” нөлөөллийн аяны хүрээнд хэрэгжүүлсэн “Хорт зуршил-Эрүүл бие” сэдэвт арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг урьж “Хувь хүний ёс суртахуун, төлөвшил” сэдвээр, Удирдлагын академийн багш, доктор Р.Бадралмааг урьж “Хувь хүний төлөвшил байгууллын хөгжилд нөлөөлөх нь”  сэдвээр, Голомт банкны захирал Ө. Ганзоригийг урьж  “Далд ухамсраа хөгжүүлж өөрийгөө хөгжүүлэх нь” сэдвээр, “Гэр бүлийн анхаарлын төв” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал клиник сэтгэл зүйч Т.Хонгорзулыг урьж “Хорт зуршил-Донтолтоос ангижрах нь” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын нууц товчоог дээдлэх, Морин хуураа дээдлэх зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны төв байрны 10 дугаар давхарт байрлах монгол гэрт 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг монгол бичгээр байрлуулах,  Морин хуур, туульс, “Монголын нууц товчоо”-г залах үйл ажиллагааг зохион байгуулсан.

“Хуульч ажиллагаа” аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх  арга замыг тодорхойлж, алба хаагчдын хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Хуульч ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулсан.

Уг бага хуралд нийт 42 илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд нийт 10 илтгэлийг хэлэлцүүлэн шалгаруулж, шилдэг илтгэлүүдийг “Мөрдөгч-19” сэтгүүлд нийтлүүлсэн болно.

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2017 оны А/248, 2019 оны  А/19 дүгээр тушаалаар тус тус баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ” /код-930/, “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн гавьяат үйлстэн, мөрдөн байцаагч, дэслэгч Санжмятавын Сүхбаатарыг дурсаж, ар гэрт нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний төрсөн дүү С.Энхтуяад хүндэтгэл үзүүлсэн.   

Авлигатай тэмцэх чиглэлээр: Цагдаагийн байгууллагаас 2020-2023 онд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2 дахь үе шатны батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх” зорилгоор тус албанаас 7 зорилтын хүрээнд 31 заалт бүхий салбар төлөвлөгөөг боловсруулан эхний хагас жилд 4,3 буюу 86 хувийн гүйцэтгэлтэй, жилийн эцэст 4,8 буюу 97.5 хувийн гүйцэтгэлтэйгээр тайлагнасан.

Тус албаны Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх орон тооны бус салбар зөвлөлийг Мөрдөн байцаах албаны даргын 2020 оны А/64 дүгээр тушаалаар 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж, улирал бүр хуралдаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ажилласан.

Мөрдөн байцаах албаны төвийн 67 алба хаагчийн 2019 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөрт багтаан гаргуулан авч, цахим санд баталгаажуулан, энэ оны 11 дүгээр сарын байдлаар тус албанд шинээр болон шилжин томилогдсон 35 алба хаагчийн ХАСХОМ-ын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор авч, хянаж баталгаажуулсан. Тус албаны төвийн хэлтсийн болон харьяа нэгжид томилогдож байгаа алба хаагчдын “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” /ХАСУМ/-ийг цахимаар бичүүлж, баталгаажуулан Авлигатай тэмцэх газраар хянуулж, зөвшөөрлийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилуулан ажиллаж байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхийг урьж, Хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргахад анхаарах асуудлын талаар 1 цагийн сургалт зохион байгуулсан.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хуульч ажиллагаа” арга хэмжээний хүрээнд “Мөрдөн шалгах ажиллагааг хөндлөнгийн нөлөөллөөс ангид байлгах” чиглэлээр Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран тус албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагч нарт цахимаар 1 цагийн сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус албаны хурлын танхимд зохион байгуулж танилцуулгыг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12/1-3272 албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Алба хаагчдын сахилга хариуцлагын талаар: Албаны хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 475 алба хаагч ажилласнаас 34 мөрдөгч, 23 ахлах мөрдөгч, 10 тасаг, хэсгийн дарга, бусад 2 /төв байрны жижүүрийн цагдаа/ буюу 69 алба хаагч сахилгын шийтгэл оногдуулсан нь нийт алба хаагчдын 14.5 хувийг эзэлж байна. 

Орон нутагт 178 алба хаагч ажиллаж байгаагаас 14 мөрдөгч, 7 ахлах мөрдөгч, 8 тасаг, хэсгийн дарга сахилгын шийтгэл оногдуулсан нь орон нутгийн нийт алба хаагчдын 19.1 хувийг, Нийслэлд 297 алба хаагч ажиллаж байгаагаас 17  мөрдөгч, 14 ахлах мөрдөгч, 2 тасгийн дарга буюу 35 алба хаагч сахилгын шийтгэл оногдуулсан нь нийслэлийн нийт алба хаагчдын 11.7 хувийг тус тус эзэлж байна.

Өмнөх оны мөн үед 82 алба хаагч сахилгын шийтгэл авагдсан бол энэ онд 69 алба хаагч сахилгын шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр буюу 16.2 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

Прокурорын шаардлагын талаар: Энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-718/-д заасны дагуу нийт 148 шаардлага санд бүртгэснээс Мөрдөн байцаах албаны нэгжүүдээс  29 шаардлагад 62 алба хаагч зөрчил заагдан бүртгэгдсэн байна.

Үүнээс орон нутагт прокурорын шаардлага 7, Нийслэлийн нэгжүүд прокурорын шаардлага 22 тус тус хүлээн авсан. Арга хэмжээ тооцуулах албан бичиг орон нутагт 5, Нийслэлд 31 тус тус хүлээн авсан.

Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар: Иргэд, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас нийт 1100 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 242, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлт 419, иргэд, байгууллагаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой гаргасан 147, албан тушаалтанд гаргасан санал хүсэлт 206, дээд газраас ирүүлсэн 86 байна. Үүнээс албан тушаалтанд гаргасан санал хүсэлтийг утгаар нь авч үзвэл: дэвшүүлэн томилуулах болон шагнуулах 83, шилжүүлэн томилуулах 103, цэргийн байнгын тэтгэвэрт гарах 5, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх 4, ажилд орж суралцахыг хүссэн 6 хүсэлтийг ирүүлсэн байна.

Цагдаагийн алба хаагчидтай холбоотой гаргасан 147 санал гомдлын утгаар  нь авч үзвэл: хууль ёс хүний эрх чөлөө зөрчсөн 5, хэрэг материал дутуу шалгасан 59, бусдыг чирэгдүүлж танил тал харсан 17, ЦАХ-ийн харилцааны соёл, ёс зүй зөрчсөн 34, бусдыг зодож эрх чөлөөнд нь халдсан 2, ажлын хариуцлага алдсан 14, ЭХХШТХ болон бусад хууль дүрэм зөрчсөн 16, холбогдсон алба хаагчийн тоо 154 байгаагаас офицер 153, ахлагч 1 байна.

Хүлээн авсан 1100 өргөдөл гомдол санал хүсэлтээс 1093 гомдлыг шийдвэрлэж 27 өргөдөл гомдлын үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэлт 99,3 хувьтай ажилласан.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл  хүлээн авч бүртгэн цохолтын дагуу хэлтсийн дарга нарт хүлээлгэн өгч, шийдвэрлэлтэд бүртгэл хяналтын картаар хяналт тавьж, Нийслэлийн прокурор, дүүргүүдийн прокуроруудын өргөдөл, гомдол хариуцсан туслах ажилтанд сүлжээгээр өдөр бүр www.pro_niislel.mn болон Тээврийн прокурорын газар, дүүрэг орон нутгийн прокурорын байгууллагын сайтуудаар мэдээг хүргүүлж гэмт хэргийн шинжтэй гомдлыг прокурорын хяналтад авхуулан ажиллалаа.

 

 Мөрдөн байцаалтын чиглэлээр

Мөрдөн байцаах албаны харьяа нэгжүүд нь 2020 оны эхний 11 сард иргэн, хуулийн этгээдээс гэмт хэргийн шинжтэй 23356 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2873 нэгжээр буюу 12.3 хувиар өссөн. Нийт шалгасан гомдол, мэдээллийн 9435 буюу 40.4 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12959 буюу 55.4 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 318 буюу 1.3 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, нийт шалгасан гомдол, мэдээллийн 22712 буюу 97.2 хувийг шийдвэрлэсэн, шийдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурсан байна.

Цагдаагийн байгууллага 2020 оны эхний 11 сард 71518 хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 27734 хэрэг буюу 38.7 хувь нь Мөрдөн байцаах албанд шалгагдсан.

Албаны хэмжээнд урьд оны үлдэгдэл 7805 хэрэг, энэ онд шинээр дугаар авсан 18136 хэрэг, түдгэлзүүлснээс сэргээсэн 74 хэрэг, хэрэгсэхгүй болгосноос сэргээсэн 1719 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Энэ хугацаанд 27734 хэрэг бүртгэлтийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 598 буюу 2.1 хувиар буурсан. Нийт шалгасан хэргийн 6886 хэрэг буюу 24.8 хувийг хааж, 9815 хэрэг буюу 35.4 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 466 хэрэг буюу 1.6 хувийг бусад хэрэгт нэгтгэж, 120 буюу 0.4 хувийг бусад газарт шилжүүлэн, нийт шалгасан хэргийн 22993 хэрэг буюу 82.9 хувийг шийдвэрлэсэн.

Хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар, урд сарын түвшингээс 4.9 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Тайлангийн хугацаанд гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан 612 тэрбум төгрөгийн хохирлын 274 тэрбум төгрөг буюу 44.7 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 35 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн байна.

Урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, Экологийн цагдаагийн алба, Эрүүгийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Сар шинэ-2020” “Хайр өвтгөдөггүй”, “Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа”, “Хуурамч мөнгө”, “Ногоон дуу хоолой”, “Бид нэг амьтай шүү”, “Яараад яах вэ дээ”, “Яндангаа хөөлье”, “Яг одоо”, “Мал мах”, Цагдаагийн ерөнхий газрын “Өнгө нэмцгээе-2020” аяны хүрээнд албуудаас зохион байгуулсан “Хувь хүний төлөвшил” “Эрүүл бие- Хорт зуршил” “Хуульч ажиллагаа” “Харилцаа хандлага” Хариуцлагатай алба хаагч” Үлгэрлэл манлайлал” зэрэг арга хэмжээний постер, фрэйм хүрээг 5210 /давхардсан тоогоор/ алба хаагч тухай бүр сольж, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр телевизээр 256, радиогоор 166 удаа ярилцлага өгч, 42 төрлийн 80000 ширхэг гарын авлага, тараах материалыг иргэдэд хүргэж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 1401 удаагийн сургалт, ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, дээрх нөлөөллийн аяны хүрээнд бэлтгэсэн шторк, постер, нэвтрүүлгийг “Мөрдөн байцаах алба” пейж, хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлан ажилласан.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл тогтмол бүртгэгдэж байгааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн  шалгах хэлтсээс судлан сүүлийн 3 жилд бүртгэгдсэн 440 гэмт хэрэгт дүн шинжилгээ хийж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Жи Си Ай төрийн бус байгууллагатай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд “Сүүдэр бүү тусга” аяныг зохион байгуулж, аяны хүрээнд Улсын ерөнхий прокурорын газар, Хүүхэд залуучуудын газартай хамтран 2020 оны 09  дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаах нэгжийн 589 алба хаагчдыг хамруулан цахимаар ”Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд бэлтгэсэн богино хэмжээний дүрст бичлэг, постер зургийг тухай бүрт албаны цахим хуудаст байршуулсныг давхардсан тоогоор 11321 хүн үзэж хандалт хийсэн.

“Залилах” төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтарч “Ятгах тусам Нягтал”, “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2” нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Тайлангийн хугацаанд хэрэг бүртгэлтийн, мөрдөн байцаалтын 16126 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, 10472 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж 9226 мэдэгдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор мөрдөгчийн мэдэгдэл бичиж  95 хувь буюу 8769 мэдэгдлийн хариуг авч ажилласан байна.

Төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулагдсан сургалт уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнд алба хаагчдыг хамруулсан талаар: Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвд  зохион байгуулагдсан Экологийн цагдаагийн албаны алба хаагчдад зориулсан сургалтад тус албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс “Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн мөрдөн шалгах аргачлал, салбар эрх зүйн зохицуулалт”, “Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн мөрдөн шалгах аргачлал, салбар эрх зүйн зохицуулалт”, “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэргийн мөрдөн шалгах аргачлал, салбар эрх зүйн зохицуулалт”, “Хүрээлэн буй орчны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй гүйцэтгэх ажлын шугамаар тэмцэх ажиллагаа”, “Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх гэмт хэргийн мөрдөн шалгах аргачлал, салбар эрх зүйн зохицуулалт” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, хичээлийн сэдэвтэй холбогдуулж шалгалтын  тестийг боловсруулсан.

 Дүгнэлт

Мөрдөн байцаах алба нь 2020 онд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, шийдвэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, албаны даргаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэсэн.

“Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд тус албанаас “Хуульч ажиллагаа” арга хэмжээг 2 сарын хугацаатай зохион байгуулж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын төрөл, мэргэжил, онцлог, чиг үүргийн дагуу өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг хууль, дүрэм, журмыг багтаасан практик хэрэгцээнд тулгуурласан мэдлэг, дадлага олгох сургалтын материалыг видео хэлбэрээр бэлтгэн Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн “гарын авлага” цэсэнд байршуулсан нь мөрдөгч нарын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх үр дүнтэй ажил боллоо.

Мөрдөн байцаах албаны хэмжээнд 2020 онд гэмт хэргийн илрүүлэлт 46.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсөж, нийт 27734 хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 22993 хэрэг буюу 82.9 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар өссөн дүнтэй байгаа нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлсэнийг харуулж байна.

Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар авч үзвэл 2019 онд нэг мөрдөгч дунджаар 71 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бол энэ оны эхний 11 сард 52.4 хэрэг мөрдсөн нь нэг мөрдөгчид ногдох ажлын ачаалал 18.6 хэрэг буюу 26.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа чаалал ихтэй нэгжүүдэд мөрдөгчийг томилон ажилуулж дэмжлэг үзүүлсэнтэй холбоотой гэж дүгнэхээр байна.

Хэргийн түүвэр, шалгах төлөвлөгөөг Абле программын ажил төлөвлөлттэй уялдуулан хэрэглэх нь ажил төлөвлөлтийг уялдаатай, амьд хэлбэрээр үр дүнтэй явуулах үндсэн нөхцөл тул цаашид энэ ажлыг эрчимжүүлэх нь үр дүнгээ өгнө гэж үзэж байна. 

 

 

МӨРДӨН БАЙЦААХ АЛБА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна