/ / "Хэргийг илрүүлэх чин эрмэлзэл нь мөрдөн байцаагчийн гол хөдөлгүүр"

"Хэргийг илрүүлэх чин эрмэлзэл нь мөрдөн байцаагчийн гол хөдөлгүүр"

May be an image of 1 person and textМонголын цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй зэрэгцэн Мөрдөн байцаах алба үүсч хөгжсөний 70 жилийн ой болж байгаа юм. Цагдаагийн байгууллагын гол цөм болсон нэр хүндтэй энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ахмад мөрдөн байцаагчдын нэгийг энэ удаа бид онцоллоо. Цагдаагийн хурандаа, гавьяат хуульч С.Дамдинтай ярилцлаа.

 
-Таныг Сүхбаатарын нэрэмжит Цэргийн ерөнхий сургуулийг төгссөнөөс хойш мөрдөн байцаах албанд тасралтгүй ажилласан гэсэн. Энэ бол ховор хувь тохиол. Энэ албаны 70 жилийн ойн босгон дээр дурсамжаасаа хуваалцахгүй юу?
 
-Мөрдөн байцаах ажлыг 1970 оноос 1984 оныг хүртэл хийсэн. Дундуур нь таван жил сургуульд сурсан. 1991 оноос мөрдөн байцаах албаны тэргүүн дэд дарга, дэд даргын албыг хашиж байгаад 2000 онд тэтгэвэртээ гарсан даа. Мөрдөн байцаах ажлыг хүнд хүчир гэж ярьдаг ч жинхэнэ сэтгэлээ өгч ажиллах юм бол үүн шиг сайхан ажил байхгүй.
 
-70 жилийн ойн босгон дээр хамт ажиллаж байсан нөхдөө дурсахгүй юу?
 
-Хүмүүсийн хийсэн бүтээлээр байгууллагын түүх бичигдэж байдаг. “Хүний амьдрал усны урсгал шиг урсаад өнгөрдөг. Архив бол уул мэт сүндэрлээд үлддэг” гэж үг байдаг шүү дээ. Би тухайн үедээ хамт ажиллаж байсан нөхөдтэйгөө түүхийг бичилцэж явсандаа баяртай байдаг. Миний ажиллаж байх үед шилдэг мөрдөн байцаагч нар олон байсан. 
 
Манай газрын дарга, генерал Даваасамбуу, орлогч дарга Доржпалам хурандаа,  хэлтсийн дарга Лувсаншарав, Чулуунбат хурандаа гээд л. Хамт ажиллаж байсан үе, үеийн шилдэг мөрдөн байцаагч нараасаа онцлон дурсвал, хүн амины хэрэг мөрддөг, миний багш Готов, Цэрэнгялбаа, Өлзийбуян, Самбуу, Сандаг Очир гуай, Баасанжаргал, Цагаанчулуун, Бавуу, Лэгрүү, Буурал Дулмаа гуайг дурсан яриж байна. Нэрлээд байвал маш олон хүн бий. Энэ үеийн хүмүүсийг мэддэг хүн тун цөөн болсон байна.
 
Сүүлийн үеийн судлаачдын хувьд судалж мэдэх юм маш их байдаг гэж би боддог. Манай алба бол түүхэндээ хэд, хэдэн удаа бүтэц нь өөрчлөгдсөн. 1962 онд Прокурорын албанд шилжээд 1964 онд буцаад ирсэн. 1990 хэдэн онд татан буугдаад одоо эргэн сэргэж байгаад би баяртай байна. Мөрдөн байцаагч бид ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хэргийг илрүүлдэг улс шүү дээ.
 
-Мөрдөн байцаагч болгонд хэргийг илрүүлэх, хэргийн газар дээр ажиллах өөрийн гэсэн арга барил гэж байдаг. Таны ажилдаа хэрэглэдэг арга туршлагууд юу байв?
 
-Ер нь хэргийг илрүүлэх нь нэг хүний өмч биш, хамт олны бүтээл байдаг.  Эргүүлийн цагдаагаас эхлээд даргаа хүртэл эрүүгийн төлөөлөгчдөө бүх мэдээллийг өгч хамтарч ажилладаг. Тэр дундаас мөрдөн байцаагч голлох үүрэгтэй оролцоно.
 
Яагаад гэвэл эрүүгийн мөрдөн байцаагчийн эрх, үүргийг хуульд тодорхой заагаад өгчихсөн. Мөрдөн байцаагч бүх ажлыг зохион байгуулж бүх мэдээллийг цуглуулж хуульд заасан өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрээ гаргадаг учраас гол чухал ажилтан. Мөрдөн байцаагч асар их мэдлэгтэй байхаас гадна мөрдсөн гэмт хэргийнх нь тоогоор амьдралын их туршлага хуримтлагдаж  байдаг. Мөн сэтгэл судлаач байдаг.
 
Санаатай үйлдсэн гэмт хэрэг болгон хүний бодол сэтгэлээс гарсан байдаг. Бодол сэтгэл нь үйлдэл болоод  эс үйлдсэн  ч гэмт хэрэг болж хувирч байдаг учраас тухайн хүний сэтгэл зүйтэй ажиллахаас өөр арга байдаггүй. Ийм учраас мөрдөн байцаагчийн ажил тухайн хүнийг судлахдаа сэтгэл зүйг нь судлах судалгааны ажил хийдэг гэж хэлж болно.
 
Гарцаагүй энэ хүн гэмт хэрэгтэн мөн байна, эсвэл гэж урьдчилан дүгнэлт өгөх боломжгүйгээрээ мөрдөн байцаагчийн ажил онцгой юм. Өөрийнхөө нотлох баримтыг байн байн үзэж шалгахгүй бол нэг бол хэрэгтэнг ял завшуулах, үгүй бол сэжигтэнг хилс хэрэгт унагах аюултай. Мөрдөн байцаагч хүнээс асар их тэвчээр, мэдлэг, чадвар, сэтгэл зүйч байхыг шаарддаг мэргэжил.
 
-Хэрэг болгон шинэ байдаг гэдэг. Та хүн амины хэргийг голчлон мөрдөж байсан. Хүн амины хэргийг мөрдөх онцлог нь юу байдаг вэ?
 
-Хүн амины хэрэг дээр ажиллах хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, хүн амины хэрэг бол хүний амьдралд гүнзгий халддаг. Хохирч байгаа нь ч тэр аяараа хохирдог. Хоёрдугаарт, хохирогчийн мэдүүлэг гэж байдаггүй.  Мэдүүлэг гэдэг бол нотолгооны нэг хэлбэр шүү дээ.
 
Тийм болохоор сэжигтэн бүх бурууг хохирогч руу тохоход бэлэн байдаг. Тиймээс маш анхааралтай мөрдөхгүй бол болохгүй. Гуравдугаарт, олон хүний анхаарлыг татсан, олон хүний хараа хяналтан дор ажилладаг. Тиймээс мөрдөн байцаагч хүн судлах ёстой, маш сайн ажиллах ёстой.
 
Цагдаагийн байгууллагынхаа болон бусад албадынхаа тусламжийг сайн авах хэрэгтэй. Ингэж байж тэр хэрэг илэрнэ. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, илрүүлэх итгэлтэй байх юм бол илрэхгүй хэрэг гэж байхгүй. Ийм хэргүүд урд нь ч гарч байсан, одоо гарсаар л байна. Илрүүлсээр л ирсэн, цаашид ч илрүүлэх л учиртай.
 
Үүнд ганцхан ажилдаа хандах хүний сэтгэл зүрх, итгэлээс л бүх зүйл шалтгаална. Тухайн хэргийг илрүүлэх чин эрмэлзэл нь мөрдөн байцаагч хүнийг хөдөлгөх гол хөдөлгүүр нь гэж боддог юм. Энэ хөдөлгүүр дээр сэтгэлээ нэмээд ажлаа зохион байгуулж бусад албадтайгаа нийлээд зүтгэх юм бол илрэхгүй хэрэг гэж байхгүй. Мөрдөн байцаах ажил бол их буянтай ажил. Би ажлаараа бахархдаг.
 
-Мөрдөн байцаагч үнэн зөв шийдвэр гаргахын тулд нотлох баримтуудыг бүрдүүлж олон хэрэг дээр зэрэг ажилладгийнхаа хувьд сэтгэл зүйн их дараастай ажилладаг юм шиг санагддаг. Сэтгэл зүйн дарамтыг хэрхэн зохицуулж ажиллах ёстой бол?
 
-Маш их тэвчээр хэрэгтэй. Хэрэг болгон адилгүй гэж үнэн. Энгийн хүнд бол адилхан л хүн амины хэрэг шиг харагддаг. Үйлдсэн цаг хугацаа, сэдэл санаа, субьект гээд бүгд ондоо байдаг. Тиймээс хэрэг бүхэн шинэ байдаг гэдэг үнэн юм. Хэрэг болгоныг нухацтай судалж, хамгийн гол нь зөв нотлох баримтуудыг хурдацтай олж авах ёстой.
 
Хоёрдугаарт, энд тэндээс ирж байгаа дарамт, шахалт их байдаг. Дээр нь хэрэг илрүүлэх хуулийн хугацаа гэж байна. Тэр хугацаанд багтааж хэрэг илрүүлэхийн тулд гэртээ харьж амрах, хоолоо цагт нь идэхийг ч мартан ажилладаг. Хурдацтай ажиллахгүй бол нотлох баримт алга болж гэмт хэрэг илрүүлэхэд хүндрэлтэй болдог.
 
Ийм учраас хурдтай, ухаантай, сэргэлэн ажиллах ёстой юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаагчийн хийх ёстой 10 үйлдэл гэж бий л дээ. Тэр үйлдэл бүхэн мөрдөн байцаагчаас тусгай арга, ажиллагаа, цаг хугацаа, сэтгэл зүйг шаардана. Хэдийд байцаах вэ, хэн хэнийг оролцуулах вэ, хэдийд энэ ажиллагааг явуулах вэ гэх зэрэг.
 
Энэ ажлыг хийж байх үед зарим мөрдөн байцаагч сэтгэл зүйн хүнд дарамтанд орох тохиолдол бий. Үүнийг давж гарахад хүнд байдаг. Тухайлбал сэжиглэнэ, янз бүрийн юм бодно, эвгүй байдалд орно. Энэ бүхнийг сэтгэ­лийн тэнхээгээр давж гарах ёстой юм. Хэргийг илрүүлэх тал дээр л гол анхаарлаа хандуулж ажиллавал үүнийг давж гарч чадна, бидэнд юу ч саад болохгүй.
 
-Та ямар үед ажлаасаа хамгийн их урам зориг авдаг байв. Энэ талаар дурсахгүй юу?       
 
-Би хүн амины хэрэг голчлон шалгасан. Хүний амьтай холбоотой ажил болохоор таатай ажил биш шүү дээ. Гэхдээ тухайн хэрэг илэрчихсэн, нотлогдчихсон үед хийсэн ажлын минь үр дүн гарлаа даа гэж сэтгэл дотроо баярлахаас биш, гадагшаа баярлах юм байхгүй шүү дээ.
 
-Цагдаагийн ажилтны хувьд хүнд цол ахина гэдэг баярт үйл явдал байдаг,  ажлын урам зориг авдаг. Цолны үнэ цэнийн тухай ойлголт таныхаар?
 
-Цол хэн хүний авчихдаг эд биш ээ. Цэргийн хүн бидний хувьд цол бол маш үнэтэй шагнал байдаг. Хамгийн анх НАХЯ-ны сайд Дэжидийн тушаалаар ахмад цол авч дэлгээ тугны өмнө зургаа авахуулж урам авч байсан. Дараа нь хошууч, ахмад цолыг хүртлээ. Цол авах бүрдээ урамшиж баярлаж байсан.
 
1995 онд хугацаанаасаа өмнө хурандаа цолыг Пүрэв генералын тушаалаар авсан. Цагдаагийн алба хаагчийн хувьд хүрэхийг хүсэн, хүлээж байдаг цолыг ингэж зүүж байлаа. Үүнд би маш их баярладаг.
 
-Таны сэтгэлийг хамгийн их зовоож, одоо болтол санаанаас гардаггүй, илүү их ур чадвар шаардсан ямар хэрэг байв. Залуу мөрдөн байцаагчдад сургамж болгож захих зүйл юу байна вэ?
 
-Мөрдөн байцаагчаас маш их ур чадвар шаардсан хэрэг зөндөө гардаг. Хүн амины хэрэг хүний амьдралд хар толбо болж үлддэг учраас тийм хэргийг тэгж ингэж илрүүлж байсан гэж ярих шаардлагагүй. Яагаад гэвэл ах дүү, төрөл садан, үр хүүхдүүд нь байна. Ер нь бол хэрэг илрэх л маш сайхан байдаг.
 
Хэрэг илэрлээ гэж бид дотроо бодож баярлах боловч тухайн хэрэг шүүхээр шийдэгдэж байж жинхэнэ илэрсэн юм байна гэж таашаалыг авдаг. Ер нь олон хүн зэрэг нас барах, олон хүнийг алах, харгис хэрцгийгээр хүний амь хөнөөх хэргүүд зөндөө гарч байсныг тухайн үедээ илрүүлж байсан. 
 
-Мөрдөн байцаах алба байгуулагдаад 70 жил болжээ. Та энэ албаны ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
 
-Мөрдөн байцаах алба ирээдүйд хөгжих ёстой. Мөрдөн байцаагч хүн ч хөгжиж байгаа. Сүүлийн үед боловсрол, мэргэжлээр ч, техник хэрэгслээр ч дутахгүй болсон. Хэрэг илрүүлэх бүхий л бололцоо нь нээлттэй байна. Бидний үед өөрсдөө зурагаа авдаг, хэргийн газрын үзлэгээ хийдэг байсан. Одоо ийм үе өнгөрсөн шүү дээ.
 
Ирээдүйд мөрдөн байцаах албаны бүтэц өөрчлөгдөх ёстой. Өнөөдөр манай алба тархай бутархай байна. Энд тэнд мөрдөж байна. Цалин хөлс нь ялгаатай байна. Ирээдүйд нэгдсэн мөрдөн байцаах байгууллага болох байх. 1992 онд манай байгууллагын даргаар хуран­даа Алтангэрэл бай­хад  би тэргүүн дэд даргаар ажиллаж байлаа.
 
Тэр үед бид мөрдөн байцаах албыг нэгтгэж чадсан. Засаг төрдөө танилцуулж чадсан. Мөрдөн байцаах албыг бэхжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гаргаж байсан. Ингээд 1992 онд мөрдөн байцаах алба нэгдэж чадсан юм. Алба нэгдсэнээр амжилтад хүрэх юм байна, мөрдөн байцаагч нар хөгжиж болох юм байна гэдгийг харуулсан.
 
Сүүлийн үед мөрдөн байцаах албыг тараасан явдал бий. Гэхдээ нэгэн цагт энэ алба мөрдөн байцаах хороо болж өргөжих ёстой. Энд тэнд тархай бутархай байсан мөрдөн байцаах байгууллагууд хэрэггүй. Нэгдсэн мөрдөн байцаах хороотой бол хэрэг илэрнэ, ажиллаж чадна, боловсон хүчний чадвар бэхжинэ. Ахуй хангамж нь ч сайжирна, сайхан хөгжинө гэж би боддог.
 
-Одоо ажиллаж байгаа мөрдөн байцаагч нар, ирээдүйд мөрдөн байцаагч болохыг мөрөөдөж байгаа залууст хандаж ахмад мөрдөн байцаагч, гавьяат хуульч, цагдаагийн хурандаа хүний хувьд захиж хэлэх үг юу байна вэ?
 
-Шинэ үеийн мөрдөн байцаагч нартаа хэлэхэд  мэдлэгтэй бай, ажилдаа сэтгэлтэй бай. Хариуцлага гэдэг бол харьцангуй ойлголт. Энэ хүн гэмт хэрэг хийсэн, эсвэл хийгээгүй гэж өөртөө урьдчилсан байдлаар битгий дүгнэ.
 
Нотлох баримтаас байн байн харж, байн байн шүүж, түүндээ дүгнэлт хийж өөрийнхөө дүгнэлтийг гарга. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ ажилдаа хандаж ажиллаарай.
 
Б.ЗАЯА
Эх сурвалж: 
sonin.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Мөрдөн байцаах газар

  • МБА

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна